Амьдралын хамгийн дулаан орон зай бол гэр бүл. Харин гэр бүлийн бат бөх байдал нь нийгмийн тогтвортой хөгжлийн суурь юм. Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар 3 жилийн хугацаанд хэрэгжих “Бүх хайраа гэр бүлдээ” төсөл өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Орхон аймагт гэр бүлийн маргаан, салалт, хүүхдийн эрсдэлтэй асуудлууд сүүлийн жилүүдэд өндөр үзүүлэлтэй байгаа бөгөөд, судалгаагаар санхүүгийн бэрхшээл, харилцааны зөрчил, сэтгэл зүйн дарамт гэр бүлүүдэд түгээмэл тулгамдаж буй нь тогтоогджээ. Иймд уг төсөл нь айл өрхийн дотоод асуудлыг шийдэхээс гадна нийгмийн тогтвортой байдал, ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо. “Бүх хайраа гэр бүлдээ” төсөл нь гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийн хүртээмжийг сайжруулахад чиглэнэ. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог орон нутагт бэхжүүлэх, зорилтот бүлгийн гэр бүлийн амьжиргааг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд аймгийн хэмжээнд шат дараатай сургалт, уулзалт, зөвлөгөө, дэмжлэгийн ажлууд зохион байгуулагдах бөгөөд гэр бүлийн гишүүдийн нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэнэ. “Бүх хайраа гэр бүлдээ” төсөл нь өнөөдрийн гэр бүлийг дэмжиж, маргаашийн тогтвортой нийгмийг бүтээх зорилготойгоор хэрэгжиж эхэллээ.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл