Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.
“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Булган аймгийн спортын ордонд эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ажээ.
Хуралдаанд Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцож байна.
Хөдөө, орон нутгаас Нийслэл Улаанбаатар хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн нэмэгдсээр хүн амын хэт төвлөрөл, үүнээс улбаатай олон асуудлуудыг бий болгож байгаа нь “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” яагаад чухал вэ гэдгийн нотолгоо болж байна.
Энэ хэт төвлөрлийг задлах ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖЛИЙН ГАРЦ бол бүсчилсэн хөгжлийн бодлого юм. Зөвхөн Монгол Улс төдийгүй, манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ бүсчилсэн хөгжлийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж байна. Түүнчлэн Ази, Европын өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд Бүсчилсэн хөгжлийн бодлогоор эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлж илүү үр нөлөөтэй, үр өгөөжтэй, үр дүнтэй хөгжлийн загварт шилжээд байгаа билээ.
Хойд бүс: Нийт хүн амын 8.8 хувь хойд бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 63.7%-ийг үйлдвэрлэл, 17.7%-ийг үйлчилгээ, 18.6%-ийг хөдөө аж ахуй эзэлж байна.
Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6.770, дундаж цалин 1.7 сая.төг бөгөөд нийт малын тоо 9.4 сая.толгой байна.
Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
- Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
- Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
- Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
- Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
- Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
- Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
- Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.






0 сэтгэгдэл