Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор “Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал” хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр таван байршилд сургалт хэлэлцүүлгүүд эхэлжээ. Залуучуудын ордонд Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжтой холбоотой хэлэлцүүлэг боллоо.
Улсын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар 595 гомдол мэдээлэл хүлээн авснаас зөрчил тогтоогдсон 322, тогтоогдоогүй 221, судлагдаж байгаа 52 гомдол, мэдээлэл байна. Хойд бүсийн хэмжээнд буюу Хөвсгөл аймагт 9 гомдлоос 5 нь, Орхон аймагт 12 гомдлоос 8 нь, Булган аймагт 14 гомдлоос 12 нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон байна .
Төрийн албан хаагчийн үйлдэл, үйл ажиллагаанд гаргасан ёс зүйн гомдол мэдээллийн 47,5 хувь нь иргэнээс төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд, 40,6 хувь нь төрийн албан хаагчаас төрийн албан хаагчид, 11,9 хувь нь байгууллагынхаа дотоод хяналт, шалгалтаар илэрсэн гомдол, мэдээлэл эзэлж байна. Төрийн албаны хаагчийн ёс зүйн асуудлаар 2024 онд хүлээн авсан нийт 595 гомдол, мэдээллийн 322 нь зөрчил болох нь тогтоогдож, дүгнэлт гаргаснаас 314 буюу 97,5 хувьд нь томилох эрх бүхий албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээлгэжээ.






0 сэтгэгдэл